Монголпедиаг системчлэх нь


(Хэлэлцүүлнэ)
(For Discussion)

Ай ойлголтыг ангилах нь


Монголпедиад орох ойлголт, ухагдахуунууд бараг хязгааргүй учир түүнийг ажлын зорилтын үүднээс ямар нэг системлэг байдлаар ангилж үзэх нь зүйд нийцнэ. Энэ утгаар эхний удаад бүх мэдлэгийг "гадаадын" болон "монголтой" холбогдох гэсэн хоёр том айд хувааж үзсэн. Ингэж үзлээ ч "монголтой холбоотой" мэдлэг мэдээлэл бас л бараг хязгааргүй юм. Түүнийг дахин багасгаж ай савд хувааж үзвэл:

  1. Эх дэлхий газар нутагтай холбоотой

  2. Хүн ард, үндэстэн, түүний иргэншил соёлтой холбоотой

  3. Улс гүрэн, нийгэмтэй холбоотой гэсэн 3 том бүлэгт багцаагаар хувааж болно.

Энэ гурван том ай савыг шинжлэх ухаанд хамаарах болон үл хамаарах гэж хувааж болно. Эдгээрийн ихэнхийг шинжлэх ухаан тус бүрээр хуваан үзэж болно. Харин шинжлэх ухаанд үл хамаарах гэдэг нь аймаг, сум  гэх мэт зүгээр байж байгаа зүйлс болно. Энэ зүйлс их олон боловч шинжлэх ухаанд хамаарах хэсгээсээ харьцангүй цөөн.


1. Эх дэлхий газар нутагтай холбоотой хэсгийг ангилах нь

Энэ ай бүхэлдээ байгалийн шинжлэх ухаанд хамаарна. Жишээлбэл газар нутаг гэхэд физик газар зүй, ан амьтан араатан жигүүртэн гэхэд зоологи, биологи, уул ус гэхэд геологи гэх мэт шинжлэх ухаанд хамаарна. Энэ нь асар их өргөн хүрээ боловч манай хүрээнд эхний ээлжинд байгалийн байдал, амьтны аймаг, ургамлын аймаг, гол гол баялаг ашигт малтмал, үзэсгэлэнт газрууд гэсэн хэдэн том ангиллаас эхлэх нь зүйтэй байх.


2. Хүн ард, үндэстэн, түүний иргэншил соёлтой холбоотой хэсгийг ангилах нь

Энэ ай бүхэлдээ хамгийн том нь бөгөөд үүнийг нөхцөлт байдлаар монгол иргэншил соёл гэж нэрлэж болно. Энэ ай бүхэлдээ тун олон шинжлэх ухаанд хамаарахааас нэн түрүүнд антропологи, түүх, угсаатны зүй, угтаатны түүх, хэл судлал, соёл судлал, социологи, түүх, түүхийн гүн ухаан, шашин судлалтай холбогдоно. Хамгийн гол нүүдлийн иргэншил, мал аж ахуй, монгол ахуйтай холбогдох гүн ухаан, ертөнцийг үзэх үзлийн тулгуурыг гаргах учиртай.


3. Улс гүрэн, нийгэмтэй холбоотой хэсгийг ангилах нь       

Энэ ай нь төр улс, нийгмийн байгуулалтын үүсэл хөгжил, хувьсал, одоогийн байдал, үйл явц, эрхийн акт, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг асар том хүрээг хамарна. Энэ нь шинжлэх ухааны хувьд социологи, түүх, улс төр судлал, соёл судлал, түүхэн гүн ухаан, эрх зүй зэрэгт хамаарна.


Зорилтуудыг жижиглэх


Монгол педиа бол эх загвар системийг нь зөв гаргасан тохиолдолд цаашаа хязгааргүй үргэлжлэх систем юм. Иймээс эх загварыг зөв гаргах ёстой. Эх загвар гэдэгт Монголын тухай системтэй ойлголтыг сонирхолтой, цааш үргэлжлүүлэх боломжтойгоор хийхийг олйгож байна. Энэ нь ч бас өөртөө асар том зорилт болно. Иймээс зорилтуудыг жижиглэн хуваах ёстой.


Зорилтуудыг агуулгаар нь болон цаг хугацаагаар нь жижиглэж болно.


Агуулгаар нь бол эхний удаад дээр дурдсан эх нутаг, хүн ард, улс гүрний тухай хамгийн энгийн бөгөөд тулгуур ойлголтыг системт байдлаар өгөх. Жишээлбэл, түүх гэхэд Хүн улсаас эхлээд Хүн гүрний тухай их дэлгэрүүлэлгүйгээр Хүн, Сумбэ, Нирун гэх мэт Монголын түүхэн дэх гол гол улсуудын тухай товч мэдээлэл өгөх. Харин Хүн улсын тухай дэлгэрэнгүй мэдээлэл бол дараагийн шатны ажил. Ухаандаа амьтан гэхэд гол гол динозавр, аргал угалз, хулан тахь, хавтгай гэж эхлэнэ, харин болжмор, могой, хорхой мэтээс эхлэхгүй.   


Энэ зарчмыг эхлээд гол товч мэдээлэл, дараа нь системтэйгээр гүнзгийрүүлэх гэж томъёолж болно. Бүх юм руу зэрэг зэрэг гүн орох хүн хүчний болон оюуны боломж байхгүй үед энэ зарчим хамгийн тохиромжтой гэж бодож байна.  

Ийм маягаар бүх ай савны тухай мэдээллийг хийнэ.


Дараагийн том зарчим бол цаг хугацааны хязгаарлалт хийх явдал мөн. Эхний удаад XIX-XX зууны үеийг түлхүү авах нь зүйтэй гэж үзэж байна. Эсвэл өөрөөр ч байж болно. Нэн эртний хүн үүссэнээс авахуулаад анхны төр улс үүссэнээс эхлэн явж болох боловч энэ нь цаг их авахаас гадна одоогийн хэрэглэгчдийн хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй юм.


Эндээс хэрэглэгчдийн оюуны хэрэгцээг эхэлж хангах гэсэн хамгийн том зарчим гарч ирж байна.   



Comments