НЭГ Хэл




Төслийн ерөнхий зорилго

Монгол хэлний онлайн Тайлбар толь бүтээнэ

Төслийн үр дүн (2013 он)

Эхний 1000 үгийн тайлбар бүхий онлайн толь

Төслийн үндэслэл

200 гаруй жилийн өмнө явагдсан соён гэгээрлийн хувьсгалын үеээс эхлэн цоо шинээр үүсэж буй их мэдлэгийг ард түмэндээ хүргэх гэж  Европын орнуудад эх хэлнийхээ тайлбар толиудыг бүтээж эхэлжээ. Франц орон “Энциклопэди”, Англи орон “Британника”, Герман орон “Брокхаус” гэх мэтээр өөр өөрийн үндэсний онцлогт тохируулсан мэдлэгийн, мөн эх хэлний тайлбар толь бичгүүдээ олны хүртээл болгосон юм.

Эх хэлний тайлбар толь бичгийн зорилго бол эрчтэй хөгжиж буй мэдлэгийн салбарын үг болон нэр ухагдахуунуудыг албан ёсны болгож түүнийгээ хэрхэн ойлгож мөн хэрхэн хэрэглэх талаар нийт олонд таницуулахад оршдог. Ямар ч сайн тайлбар толь бичиг байсан шинжлэх ухаан, нийгэм хөгжихийн хэрээр засварлагдаж шинэчлэгддэг нь уламжлал. Энциклопеди гарсан нь хувьсгал өрнөх шалтгаан болсон гэж ч францчууд хэлдэг. Яагаад гэвэл хүмүүс мэдлэгтэй болсоноор өөрийн цэгцтэй үзэл бодолтой болдог. Тийм ч учраас "Хэл зөв бол хүний сэтгэлгээний суурь зөв" гэдэг.

Социализмын он жилүүдэд Монгол оронд нэр томьёоны асуудлыг төрийн бодлогоор шийдвэрлэж ирсэн билээ. Ийм нэгдсэн бодлогын эерэг тал гэвэл тухайн үгийг ингэж л ойлгоно, харин үүнээс өөрөөр ойлгохгүй шүү гэж ягштал цэгцэлж ирсэн явдал бөгөөд энэ нь монголчууд бидэнд эх хэлээ зөв ойлгож ирэхэд их тус дөхөм болжээ. Харин энэ бодлогын сөрөг тал нь монгол хэлийг орос хэлэнд хэт хамаатуулан хөгжүүлж, дэлхий нийтийн ойлголт, нэр томьёонуудын хэрэглээг хязгаарлан ирсэн явдал юм. Мэдээж, орос хэл өөрөө олон хэлний холимог тул олон гадны үг агуулдгийг мартаж болохгүй. Монгол хэл өөрөө ч олон хэлний холимог гэдгийг бид өөрсдөө мэднэ. Харин монгол хэлэн дэхь олон гадаад үгийн нарийн утга, агуулга нь орос үг, хятад ханзаар дамжин орчуулагдаж ирэхдээ нэлээдгүй гажижээ.

21-р зууны Монгол улс дэлхийн бүхий л оронтой эн тэнцүү харьцаж, олон орны мэдлэг боловсрол эзэмшсэн залуу боловсон хүчин эх орныхоо мэдлэгийн салбаруудыг тэсрэлт мэтээр баяжуулсан явдал нь нэг талаар оюуны их баялгийг бий болсон хэдий ч нөгөө талаар нэр томьёоны хэт замбараагүйтлийг үүсэж түүнийг одоо даруй цэгцлэх шаардлага гарч байна.

Энэ дашрамд хэлэхэд, сүүлийн 20 жилд мэргэжлийн салбаруудад дур дураараа аашилж, дуртай үгээр хольж хутган орчуулж ирснээс нэр томьёоны бодлого бүрэн алдагдаж эзгүйрсэн. Нөгөөтэйгүүр хэт үндсэрхэг хандлага ихэсч олон улсад хэрэглэж дассан үгүүдийг хүртэл механикаар буюу хүчээр орчуулах гэсэн монгол хэлний мэргэжилтнүүдийн хандлага мэргэжлийн нэр томьёог мушгин гуйвуулж утга санааг нь алдагдуулах гүнзгий шалтгааныг бүрдүүлсэн байна. Үүнээс шалтгаалан мэргэжлийн хүмүүсийн дунд эх хэлээ үл тоомсорлох асуудал үүссэнийг ялангуяа өнөөгийн өндөр боловсролтой залуусын дунд нэлээд ихээр ажиглаж болно. Үүнээс үүдэлтэйгээр эх хэлээ хамгаалья гэсэн улс төрийн өнгө аястай уриа хүртэл хэдэн жилийн өмнөөс гарч эхэлсэн юм.

Монгол хэлнийхээ хөгжлийн энэ бартааг цэгцэлж, эх хэлээ боловсронгуй болгон хөгжүүлж, олон улсын нэр томьёог зөв хэрэглэж сурах явдал эн тэргүүнд боловсролын системд хамааралтай. Залуу үеийнхэн эх хэлний сайн боловсролтой болсноор зөв ярьж бичиж, зөв ойлгож, зөв харьцах соёл хөгжих олон талын гүнзгий ач холбогдолтой.

Өнөөдөр зөвхөн нийгмийн салбарт төдийгүй байгалийн шинжлэх ухаанд ч мэргэжлийн үгнүүдийг буруу хазгай орчуулах нь газар авч, их сургуулийн багш нэг бүр шахуу өөрийн хувийн үгийн сан, толь бичигтэй болсон гэхэд хилсдэхгүй. Монголын олон эрдэмтэн багш нар англи хэлийг мэргэжлийн гол хэлээ болгож, хичээл лекцээ англи хэл дээр явуулж байна. Энэ нь тийм ч буруу зүйл биш. Социализмын үед ч орос хэлийг байгаль, анагаах ухаан, нийгмийн салбарт өргөнөөр хэрэглэж ирсэн явдал нь социализмын гажуудал биш харин олон улсын практик байсан билээ. Өнөөдөр бид гагцхүү нийтээрээ хэлний нэгдсэн бодлоготой явах нь чухал боллоо. Эс бөгөөс нэг адил мэргэжлээр сурдаг ч хичээл сургуулийн хэлний ялгаагаар оюутан залуус ч хоорондоо ялгарах болж, тэр нь цаашдаа нийгмийн ялгарал, улмаар зөрчил болох эрсдлийг дагуулж болзошгүй.

Монгол хэлний тайлбар толь бичгийг шинэчлэн хөгжүүлж өнөө цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлснээр үг хэллэг, ухагдахуун нарийсч, мэргэжлийн өндөр түвшинд очих боломж гарна. Мэргэжлийн нарийн мэдлэг чадвар шаардсан энэ ажлыг зөвхөн хэлний мэргэжилтнүүд хийж гүйцэтгэх боломжгүй юм. Хэлний мэргэжилтнүүдэд мэргэжил бүрийн онцлог болон олон мянган үгийг хэрхэн ойлгох, хэрэглэх талаар гүнзгий мэдлэг туршлага байх боломжгүй. Тиймээс бүх салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд эвлэлдэн нэгдэж Монгол хэлнийхээ тайлбар толь бичгийг хамтран хөгжүүлбэл зөвхөн залуусын боловсролд төдийгүй үндэсний соёл, нийгмийн хөгжилд маш том нэмэр болно.

Хэлний мэргэжилтнүүд хэлний онол, дүрмийг цэгцлэн хөгжүүлнэ, харин мэргэжлийн нэр томьёог зөвхөн мэргэжлийн хүмүүс ухан орчуулж, тайлбарлаж чадна. Тиймд Монгол хэлний онлайн тайлбар толийг бүх салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, олон нийтийн өргөн оролцоотойгоор бүтээх цаг болжээ.




Comments