Монголпедиа



Төслийн ерөнхий зорилго

Монголпедиа төслийн зорилго нь монголын эрдэмтэн, мэргэжилтнүүд, оюутан залуусыг 21-р зууны хүн төрөлхтний оюуны хамтын бүтээлд идэвхтэй оролцуулан, Монголыг дэлхийд таниулж, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан үндэсний сэргэн мандлын сэтгэлгээний шинэ орчныг бий болгоход оршино.

Төслийн үр дүн (2013 он)

Википедиа (http://wikipedia.org) ба олон улсын бусад нээлттэй вики сайтуудын монголын тухай болон монгол хэл дээрх агуулгыг 1000 шинэ нийтлэлээр арвижуулна.

Төслийн товч танилцуулга

Интернэтийн хамгийн том сайтын нэг Википедиа бол хэн ч чөлөөтэй бичиж, өөрийн хувь нэмрээ оруулж болох, олон улсын, олон хэлний нээлттэй Нэвтэрхий толь бичиг юм. Википедиа нь 250 гаруй хэлний хувилбартай. Өнөөгийн байдлаар энэ сайтад нийт 80 гаруй мянган хүн сайн дураараа 9 сая гаруй тооны нийтлэл бичиж оруулаад байна. Эдгээрээс Википедиагийн англи хэл дээрх  хувилбар (http://en.wikipedia.org) хамгийн том нь бөгөөд нийт 4 сая гаруй нийтлэлтэй.

Википедиагийн монгол хэлний хувилбар (http://mn.wikipedia.org) тун бага хөгжсөн, 2009 оноос хойш үндсэндээ нэмэгдэж шинэчлэгдээгүй байдалтай байна. Дэлхийн хамгийн том, олон зуун сая уншигчтай энэ сайтад Монголын түүх, соёлын тухай мэдээлэл ч англи хэл дээр бага байдаг.

Монголпедиа буюу Монголын онлайн нэвтэрхий толь бичгийг олон нийт, эрдэмтэн, мэргэжилтнүүд, оюутан залуусын нээлттэй, өргөн оролцоонд тулгуурлан Википедиа сайтын монгол хэлний хувилбар байдлаар хийх нь шинжлэх ухаан, боловсрол, нийгэм улс төрийн олон талын ач холбогдолтой.

Даяарчлагдан нягтарч буй 6 тэрбум хүний дунд бидний 3 сая монголчууд өөрсдийн үндэсний нэгдмэл байдал, соёлоо хадгалан, өрсөлдөн хөгжихөд Монголпедиа төсөл том түлхэц өгнө. Монголын онлайн нэвтэрхий толь бичиг нь монголчууд бидний нэг түүх, нэг эрх ашиг, нэг ирээдүйг залууст ойлгуулан мэдрүүлэх хүмүүжил, боловсролын том эх үүсвэр болно.

Википедиа сайтын менежмэнт, техникийн үйлчилгээг хариуцагч Wikimedia Foundation нь энэ сайтаасаа гадна Wiktionary, Wikiquote, Wikisource, Wikispecies, Wikinews, Wikiversity зэрэг олон хэлний бусад сайтуудыг бүх нийтийн нээлттэй, өргөн оролцоонд (crowdsourcing) тулгуурлан бүтээх төслүүдээ хэрэгжүүлдэг. Дэлхийн бараг бүх улс үндэстний оролцоотойгоор хөгжүүлж буй эдгээр сайтын дэд бүтцийг бид хамтран ашигласнаар Монголын түүх, соёл, нийгмийн тухай мэдлэг зөвхөн Интернэтэд төдийгүй, гар утас, онлайн телевизийн өргөн сүлжээнд хүн төрөлхтний хүртээл болж чадах юм.

Төслийн хэрэгжүүлэх зарчим нь: 

  •         Монголын үндэсний бахархлыг удирдлага болгоно
  •         Дэлхийн стандарт болсон Википедиа төслийн дүрэм, зарчмаар ажиллана
  •         Оюуны соёл, ёс суртахуун, шинжлэх ухааныг дээдлэнэ
  •         Бүх нийтийн нээлттэй, тэгш оролцооны боломжийг хангана

Монголпедиа бол олон жилийн туршид тасралтгүй тэлэн хөгжиж, шинэчлэгдэж явах бүтээл юм. Тиймд энэ төслийг бид шинжлэх ухааны өндөр түвшинд, үйл ажиллагааны нээлттэй зохион байгуулалттайаар хэрэгжүүлэх болно. Бүх асуудалд системийн хандлагаар хандаж, нэгдмэл зарчим баримтлан ажиллана.

Төсөлд өмнө бүтээгдсэн Монголын нэвтэрхий толь бичгүүд, түүх, соёл, шинжлэх ухааны суурь бүтээлүүдийг өргөнөөр ашиглана.